Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн дүрэм

Нэг. Ерөнхий зүйл

Хоёр. Нийгэмлэгийн зорилго, зорилт

Гурав. Стратегийн тулгуур зорилтууд

Дөрөв. Нийгэмлэгийн үйл ажиллагааны зарчим

Тав.  Нийгэмлэгийн бүтэц, зохион байгуулалт

Зургаа. Нэр дэвшүүлэлт ба сонгууль

Долоо. Санхүүжилт

Найм. Нийгэмлэгийг өөрчлөн байгуулах, татан буулгах

 

МНЭММН-ийн Бүх гишүүдийн 2007 оны
6 дугаар сарын 16-ны Гуравдугаар хурлаар
өөрчлөлт оруулан батлав.
 

Нэг. Ерөнхий зүйл


1.1. Тус нийгэмлэгийн албан ёсны нэр нь Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг (цаашид Нийгэмлэг гэх) болно.
1.2. Нийгэмлэг нь Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 3-р байр, 46 тоотод байрлана.

1.3 Нийгэмлэг нь гишүүнчлэлдээ нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн болон бусад мэргэжлийн сонирхсон хүмүүсийг нэгтгэсэн, сайн  дурын үндсэн дээр зохион байгуулагдсан, нийгэмд  үйлчлэх, ашгийн бус, бие даасан Төрийн бус байгууллага мөн.
1.4. Нийгэмлэг нь өөрийн тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк, санхүүгийн байгууллагад харилцах данстай байна.
1.5. Нийгэмлэг  нь Монгол улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.

Хоёр. Нийгэмлэгийн зорилго, зорилт


2.1. Эрхэм зорилго

Хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн чадавхийг нэгтгэн, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах

2.2. Хэтийн зорилго

2015 он гэхэд нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг нэгтгэн, олон улсын түвшинд ажиллах чадвартай нийгэмлэг болон хөгжсөнөөр «Эрүүл хүн ам-хөгжлийн үндэс» шүтэлцээг Монгол улсад цогцлоох үйлсийг манлайлна.

Гурав. Стратегийн тулгуур зорилтууд


  • Нийгмийн эрүүл мэндийн нотолгоонд тулгуурласан бодлого хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхэд идэвхитэй оролцож олон нийтийн оролцоог дэмжих.
  • Монгол улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтний нийгмийн эрүүл мэндийн мэдлэг чадвар, чадавхийг тасралтгүй дээшлүүлэх
  • Хүн амын эрүүл мэндийг дэмжиж сайжруулахад хувь нэмэр оруулах
  • Монгол улсын хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх

Дөрөв. Нийгэмлэгийн үйл ажиллагааны зарчим


Нийгэмлэгийн үйл ажиллагаа дараахи зарчимд үндэслэгдэнэ. Үүнд:

4.1. Ардчилсан, ил тод байх;

4.2. Нээлттэй, сайн дурын байх,

4.3. Харилцан тэгш эрхтэй байх;

4.4. Ёс зүйн өндөр мэдрэмж, үүрэг хариуцлагатай байх;

4.5. Хамтын удирдлага, харилцан ойлголцолд тулгуурлах;

4.6. Нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах;

4.7. Улс төрийн аливаа нам хүчнээс ангид байх.

Тав.  Нийгэмлэгийн бүтэц, зохион байгуулалт


5.1. Нийгэмлэгийн  бүх гишүүдийн хурал

5.1.1. Нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага нь нийгэмлэгийн бүх  гишүүдийн хурал  байна.
5.1.2. Хурлын хүчин төгөлдөр байх ирц нь нийгэмлэгийн нарийн бичгийн даргын бүртгэлээр батлагдсан санал өгөх эрх бүхий гишүүдийн ердийн олонхиос бүрдэнэ.
5.1.3. Нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулах ба дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

5.1.3.1. Нийгэмлэгийн дүрмийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах.
5.1.3.2. Нийгэмлэгийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, татан буулгах.
5.1.3.3.Нийгэмлэгийн тэргүүн, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдхүүнийг сонгож батлах.
5.1.3.4. Нийгэмлэгийн үйл ажиллагааны болон санхүүгийн талаарх нийгэмлэгийн тэргүүний тайлан, хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэх
5.1.3.5.Нийгэмлэгээс хэрэгжүүлсэн хөтөлбөр, төслийн үр дүнг  хэлэлцэх
5.1.3.6. Нийгэмлэгийн гишүүд болон Удирдах зөвлөлөөс  хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудлууд
5.1.3.7.Гишүүнчлэлийн татварын хэмжээ, татвар төлөх хугацааг шинэчлэн тогтоох

5.1.4. Хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хурал болох газар, хугацааг заасан мэдэгдлийг хурал болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүн бүрт гардан эсвэл баталгаат аргаар хүргэсэн байна.
5.1.5. Нийгэмлэгийн бүх гишүүдийн ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулж болно.
5.1.6. Бүх гишүүдийн хурлын хооронд удирдах зөвлөл (цаашид Зөвлөл гэх) нийгэмлэгийн үйл ажиллагааг удирдан явуулна. 

5.2. Удирдах зөвлөл  

5.2.1. Зөвлөл нь нийгэмлэгийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэг хүлээх ба 7 гишүүнтэй байна. 

5.2.2. Зөвлөл нь дараахи үйл ажиллагааг явуулна. Үүнд

    5.2.2.1. Нийгэмлэгийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах
    5.2.2.2.Нийгэмлэгийн дотоод журмын биелэлт, хэрэгжилтийг хянах, шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах
    5.2.2.3. Нийгэмлэгийн нэрийн өмнөөс гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Тэргүүн, гүйцэтгэх захирал болон бусад гишүүдэд олгох
    5.2.2.4. Гүйцэтгэх захирлыг томилох, гүйцэтгэх захирал болон ажилтнуудын ажлыг дүгнэх, тайланг авч хэлэлцэх
    5.2.2.5. Гүйцэтгэх ажилтнууд ажиллуулахтай холбогдсон нөхцөл журмуудыг батлах
    5.2.2.6. Бизнес төлөвлөгөөний дагуу салбар, албадыг байгуулан тэдгээрийн даргыг томилох
    5.2.2.7. Нийгэмлэгийн эд хөрөнгө худалдах, худалдаж авах, түрээслэх, актлах зэрэг асуудлыг Удирдах зөвлөлийн гишүүд шийднэ.” Үүнд 1-5 сая төгрөгийн зарцуулалтыг ердийн олонх /51 хувь/-оор, 5 саяас дээш төгрөгийн зарцуулалтыг удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар шийднэ.
    5.2.2.8. Нийгэмлэгийн албадын ажлын төлөвлөгөө, тайланг авч хэлэлцэх 

5.2.3 Зөвлөлийн бүрэлдэхүүнийг бүх гишүүдийн хурлын 2/3-ын саналаар батална.
5.2.4. Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэг байгууллагаас хоёроос илүүгүй төлөөлөл байхаар сонгоно. 
5.2.5. Зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдийн хурлаар 2 жилийн хугацаатай сонгоно. 
5.2.6. Зөвлөл нь улиралд  нэгээс доошгүй удаа хуралдана.  
5.2.7. Зөвлөлийн 4 буюу түүнээс дээш гишүүд ирсэн үед хуралдаан хийх ба санал хураалтаар гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд тэргүүний саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
5.2.8. Зөвлөлийн хурлыг зөвлөлийн гишүүд ээлжлэн удирдаж болох ба хурлын үед протокол хөтөлж, хурал удирдсан хүнээр гарын үсэг зуруулж, зөвлөлийн гишүүдэд тогтмол тараана.
5.2.9. Хурал даргалагч нь хурал бүрийг эхлэхээс өмнө Зөвлөлийн гишүүдээс хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой сонирхлын зөрчилдөөн (нийгэмлэгийн төлөвлөсөн буюу хэрэгжүүлэх гэж буй ажил нь тухайн гишүүний ажилладаг үндсэн албан байгууллагын үйл ажилтай шууд холбоотой байхыг сонирхлын зөрчилдөөн гэж үзнэ) байгаа эсэхийг лавлан асуух ба тийм тохиолдолд тухайн гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд байлцахаас сайн дурын үндсэн дээр татгалзана.
5.2.10. Зөвлөлийн даргын санаачлагаар болон зөвлөлийн гишүүдийн 2/3-ын зөвшөөрснөөр ээлжит бус хурлыг хуралдуулж болно.
5.2.11. Зөвлөлийн гишүүн нь үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол нэг сараас доошгүй хугацааны өмнө бичгээр мэдэгдэнэ. Оронд нь сонгогдох хүнийг сүүлийн сонгуульд нэр дэвшигчдээс Удирдах зөвлөлд сонгодоогүй хамгийн олон санал авсан хүнийг дараагийн бүх гишүүдийн хурал хүртэл түр хугацаагаар үүрэг гүйцэтгүүлнэ.
5.2.12. Зөвлөлийн гишүүд нь сайн дурын үндсэн дээр идэвхи санаачлагатай ажиллана.
5.2.13. Зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гарсан зардлаас бусад нөхөн төлбөрийг авахгүй. 

5.3. Хяналтын зөвлөл

5.3.1. Хяналтын зөвлөл нь Нийгэмлэгийн дүрмийн хэрэгжилт, нийгэмлэгийн хурлын шийдвэрийн биелэлт, хөрөнгө санхүүгийн зарцуулалт зэрэгт  баримтын шалгалт хийж хяналт тавина.
5.3.2. Хяналтын зөвлөл нь 3 гишүүнтэй байна.
5.3.3. Хяналтын зөвлөлийн бүрэлдхүүнийг бүх гишүүдийн хурлаар 2 жилийн хугацаатайгаар сонгоно.
5.3.4. Удирдах зөвлөлийн гишүүдээс бусад гишүүд хяналтын зөвлөлд сонгогдох эрхтэй.
5.3.5. Хяналтын зөвлөлийн гишүүн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд Удирдах зөвлөлөөс түр гишүүнийг томилон ажиллуулна.
5.3.6. Хяналтын зөвлөл нь удирдлагаа сонгож, батална.
5.3.7. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд нь удирдах зөвлөлийн  хурал, бүх
гишүүдийн хуралд тайлангаа тавина. 

5.4 Нийгэмлэгийн тэргүүн   

5.4.1. Нийгэмлэгийн тэргүүнийг бүх гишүүдийн хурлаар 2 жилийн хугацаатайгаар сонгоно.

5.4.2. Нийгэмлэгийн тэргүүн нь дараалан нэг удаа дахин сонгогдож болно. 

5.4.3. Тэргүүн нь нийгэмлэгийг гадаад, дотоодод төлөөлөх ба удирдах зөвлөлийн дарга байна.

5.4.4.Тэргүүн нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг үндэсний болон олон улсын байгууллага, нийгэмлэг, холбоодтой хамтын ажиллагаа тогтоож, өргөжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ. 

5.4.5.Тэргүүн нь нийгэмлэгийн гэрээ, бичиг баримтад гарын үсэг зурах эрхтэй. 

5.4.6.Тэргүүн албан ажил, томилолтоор гадаад дотоодод явсан буюу амарч байх хугацаанд түүний ажлыг Удирдах зөвлөлийн хурлаас томилогдсон зөвлөлийн гишүүн түр орлоно. 

5.4.7.Тэргүүн ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх бололцоогүй болсон тохиолдолд Удирдах зөвлөлөөс тэргүүний үүрэг гүйцэтгэгчийг томилж, дараагийн бүх гишүүдийн хурлаар тэргүүн сонгогдох хүртэл ажиллуулна.

5.5. Гүйцэтгэх захирал

5.5.1.  Удирдах зөвлөлийн хурлаас гүйцэтгэх захирлыг томилно.

5.5.2.  Гүйцэтгэх захирал нь  хурлын хооронд өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна.
5.5.3. Гүйцэтгэх захирал нь зөвлөлийн хурлын тов, хэлэлцэх асуудлыг тогтоон, зохион байгуулах шийдвэрийг гаргана.
5.5.4. Зөвлөлөөс тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийгэмлэгийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулна.

5.5.5. Гүйцэтгэх захирал нь нийгэмлэгийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

5.5.6. Гүйцэтгэх захирал нь нийгэмлэгийн нарийн бичгийн дарга ба  санхүүгийн ажилтан түр болон байнгын ажилтанг ажилд авах, ажлаас чөлөөлөх асуудлыг зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсны дараа тушаал гаргаж ажилтанг томилох буюу чөлөөлнө.  Ажилтны цалинг зөвлөлтэй тохиролцсоны үндсэн дээр тогтооно. 
5.5.7. Гүйцэтгэх захирал нь тэргүүний зөвшөөрснөөр нийгэмлэгийг төлөөлөн бусад байгууллагатай гэрээ байгуулах, цуцлах эрхтэй.
5.5.8. Гүйцэтгэх захирал нь гүйцэтгэсэн ажлын талаархи тайланг Удирдах зөвлөлд тайлагнана.
5.5.9. Гүйцэтгэх захирлыг нийгэмлэгийн үйл ажиллагааны орлогоос цалинжуулах ба цалингийн хэмжээг зөвлөлөөс тогтооно.
5.5.10. Гүйцэтгэх захирал нь үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд нэг сараас доошгүй хугацааны өмнө зөвлөлд албан ёсоор мэдэгдэнэ. Зөвлөл нэг сарын дотор орны хүнийг томилж чадаагүй тохиолдолд нийгэмлэгийн тэргүүн дараагийн хүнийг томилогдох хүртэл үүрэгт ажлыг хариуцна. 

5.6. Нийгэмлэгийн нарийн бичгийн дарга

5.6.1. Нийгэмлэг нь орон тооны нарийн бичгийн даргатай байж болно.

5.6.2. Нарийн бичгийн даргыг зөвлөлийн хурлаар батлаж, гүйцэтгэх захирлын тушаалаар томилно. 

5.6.3. Нарийн бичгийн дарга нь гүйцэтгэх захирлын шууд удирдлага дор ажиллаж, дараахи ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд

    5.6.3.1. Нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг хийж гүйцэтгэх
    5.6.3.2. Гишүүдийн бүртгэлийг хөтлөх 
    5.6.3.3. Хурлын зарыг тараах                                                                                 
    5.6.3.4. Хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргах
    5.6.3.5. Хурлын протоколыг хянуулж баталгаажуулах
    5.6.3.6. Зөвлөлөөс хүлээлгэсэн бусад үүргийг гүйцэтгэх

5.6.4.Нарийн бичгийн даргыг нийгэмлэгийн үйл ажиллагааны орлогоос цалинжуулах ба цалингийн хэмжээг зөвлөлөөс тогтооно.

5.7. Нийгэмлэгийн гишүүн, гишүүнчлэл

5.7.1. Гишүүн болох

5.7.1.1. Нийгэмлэгийн зорилго, зорилтыг хүлээн зөвшөөрсөн, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн буюу энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон НЭМ-ийн асуудлыг сонирхож байгаа бусад мэргэжлийн хүмүүс нийгэмлэгт гишүүнээр элсэж болно

5.7.1.2. Нийгэмлэгийн дүрэм, журмыг хүлээн зөвшөөрч, гишүүнээр элсэх өргөдөл гаргасан хувь хүний хүсэлтийг зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална. Зөвлөлийн хурлаар гишүүнчлэл нь батлагдсан хүн жилийн татвараа төлснөөр гишүүнчлэл албан ёсоор эхэлнэ.
5.7.1.3. Нийгэмлэгийн гишүүн болсон хүн бүрт гишүүний үнэмлэх, нийгэмлэгийн дүрэм,  дотоод журмын хувийг гардуулан өгнө.  
5.7.1.4. Нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломжтой, жилийн татвараа төлсөн хувь хүн “үндсэн гишүүн” байна.
5.7.1.5 Нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжигч бөгөөд насан туршийн гишүүн болохыг хүсч зохих хэмжээний хандив өргөсөн хувь хүн “дэмжигч гишүүн” байна. Хандивын хэмжээг Зөвлөлөөс тогтооно.
5.7.1.6. Нийгэмлэг нь “хүндэт гишүүн”-тэй байна Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үр бүтээлтэй ажилласан, нэр нөлөө бүхий хүмүүсийг Зөвлөлийн шийдвэрээр «хүндэт гишүүн»-ээр элсүүлж болно.

5.7.2.  Гишүүний үүрэг хариуцлага

5.7.2.1. Гишүүн нь нийгэмлэгийн дүрэм, дотоод журам болон Зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх үүрэгтэй.
5.7.2.2. Гишүүн нь нийгэмлэгийн эрхэм зорилгыг ухамсарлан, нийгэмлэгийн зорилт, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд байнга идэвхитэй оролцоно.
5.7.2.3. Нийгэмлэгийн ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулж үл болно.
5.7.2.5. Гишүүн нь гишүүнээр анх элсэх үедээ жилийн татвараа хураалгах ба цаашид жил бүрийн долдугаар сарын нэгний дотор татвараа хураалгаж байна.

5.7.3.  Гишүүний эрх ба хөнгөлөлт

5.7.3.1. Гишүүд нь нийгэмлэгийн бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
5.7.3.2. Үндсэн болон дэмжигч гишүүд нь нийгэмлэгийн удирдах байгууллагуудад сонгох ба сонгогдох эрх эдэлнэ.
5.7.3.3. Нийгэмлэгийн гишүүн бүр сонгуульд саналын 1 эрхтэй байна.
5.7.3.4. Нийгэмлэгийн  гишүүн бүр санал дэвшүүлэх, шийдвэрлүүлэх, нийгэмлэгийн санхүүгийн байдал, хөтөлбөр, бодлогын талаар мэдээлэл авах эрхтэй.
5.7.3.5. Гишүүн бүр нийгэмлэгийн асуудлаар өөрийн санал хүсэлтийг чөлөөтэй илэрхийлэх  эрхтэй.
5.7.3.6. Гишүүнчлэлээс чөлөөлөгдсөн гишүүн шийдвэрийг хүлээн авахгүй бол 14 хоногийн дотор Зөвлөлд гомдлоо гаргах эрхтэй.

5.7.4. Гишүүнээс чөлөөлөх 

5.7.4.1. Гишүүн өөрийн саналаар нийгэмлэгээс гарах өргөдөл гаргасан тохиолдолд Зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүнээс чөлөөлж болно.
5.7.4.2. Нийгэмлэгийн дүрэм, журмыг ноцтой зөрчсөн, гишүүний татвараа удаан хугацаанд төлөөгүй гишүүнийг Зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүнээс чөлөөлнө.

Зургаа. Нэр дэвшүүлэлт ба сонгууль


6.1. Бүх гишүүдийн саналаар сонгуулийн тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүх гишүүдийн хурлын үеэр сонгоно. Комисс нь нийгэмлэгийн тэргүүн, Зөвлөл, Хяналтын зөвлөлийн сонгуулийг зохион явуулна.
6.2. Сонгуулийн тооллогын комисс дараахи үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

6.2.1. Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж удирдах

6.2.2. Сонгуулийн үр дүнг гаргаж, сонгуульд ялсан нэр дэвшигчийг зарлах
6.2.3. Сонгуультай холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч сонгуульд ялагчийг зарласнаас хойш 7 хоногийн дотор шалгаж барагдуулах

Долоо. Санхүүжилт


7.1. Нийгэмлэг нь хөрөнгийн дараахи эх үүсвэрээс санхүүжинэ. Үүнд:

  • Гишүүдийн татвар
  • Гадаад, дотоодын  байгууллага, иргэдийн хандив, тусламж
  • Төслийн санхүүжилт
  • Монгол Улсын хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр

7.2. Нийгэмлэг нь санхүүгийн тайлан тэнцлийг жил бүр зохих журмын дагуу гаргаж, дараа оны 2-р сарын 15-ны дотор татварын албанд тайлагнана.
7.3. Шаардлагатай үед Зөвлөлийн шийдвэрээр нийгэмлэгийн санхүүгийн тайланд хөндлөнгийн хяналт хийлгэнэ.

Найм. Нийгэмлэгийг өөрчлөн байгуулах, татан буулгах


8.1. Нийгэмлэгийн бүх гишүүдийн 2/3-ийн саналаар нийгэмлэгийг өөрчлөн байгуулах ба татан буулгаж, өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ.
8.2. Өмч хөрөнгийн асуудлыг Удирдах зөвлөл шийдэж чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

2009-09-29 03:07:35 1896 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт