Хүний папилома вирус (ХПВ)-ын эсрэг дархлаажуулалтыг 2024 оноос эхлэн дархлаажуулалтын товлолд оруулсантай холбоотой зохион байгуулж буй үндэсний кампанит ажлын нэг хэсэг болох “Хүнтэй харилцах харилцаа” сэдэвт сургалтыг МНЭММН-ээс Улаанбаатар хотын 9 дүүргийн ӨЭМТ-эмч, сувилагч, ЕБС-ийн захирал, эмч, нийгмийн ажилтан 460 шахам мэргэжилтнүүдэд зориулан 2024 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 18-ны хооронд зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь дархлаажуулалтын товлолд шинээр орсон ХПВ вакцины хамралтыг сайжруулахад хувь хүний зан үйл, нийгмийн хадлагыг өөрчлөхийн тулд мэргэжилтнүүдэд харилцааны үндсэн ойлголт, зарчимыг тайлбарлан, олон нийт болон вакцинд эргэлзэгч, түүнийг эсэргүүцэгчидтэй харилцах мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдсан болно.
Сургалтын хөтөлбөр, арга зүй нь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр боловсруулагдсан бөгөөд тус нийгэмлэг 2023 оноос уг хөтөлбөрийг Монгол улсад турших, тохируулах, эх хэлнээ хөрвүүлэх, сургагч багшийг бэлтгэх сургалтуудыг зохион байгуулахад хамтран ажиллаж ирсэн юм.
Сургалтад оролцогчид сургалтын агуулга, арга зүй, багш нарын чадварт сэтгэл хангалуун байсны дээр цаашдын ажилд нь учирч болох саад бэрхшээлийг даван туулахад ихээхэн тустай сургалт боллоо гэж үнэлж байна.