МНЭММН-ээс НЭМҮТ-тэй хамтран зохион байгуулсан “Нийгмийн эрүүл мэндийн үндэс” сэдэвт сургалт 2024 оны 3 дугаар сарын 4-15 ны өдрүүдэд НЭМҮТ-ийн сургалтын танхимд амжилттай явагдаж дууслаа.

Сургалт нь нийгмийн эрүүүл мэндийн талаарх онолын болон үйл ажиллагааны үндсэн ойлголтыг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд өгөх зорилготой бөгөөд сургалтанд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан болон лавлагаа шатанд үзүүлдэг НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд, Улаанбаатар хотын өрхийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтад хичээл заасан багш нарын ихэнх нь МНЭММН-ийн гишүүд бөгөөд 80 гаруй хувь нь гадаад оронд НЭМ-ийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан, тухайн чиглэлээр салбартаа тэргүүлдэг, туршлагатай мэргэжилтнүүд  байсан нь онцлог байлаа.

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтнуудын 80 шахам хувь нь сүүлийн 3 жилд мэргэжлийн чиглэлээр ямар нэг сургалтад хамрагдаагүй, мэргэжилтэй ажиллагсдын хангалт улсын хэмжээнд дөнгөж 40 гаруй хувь (АХБ-ны эрүүл мэндийн төслийн судалгаа 2021 он) байдаг, 2023 онд НЭМ-ийн чиглэлээр мэргэшлийн зэргийн шалгалтад орж байгаа мэргэжилтнүүдийн ажлын байран дахь тасралтгүй сургалтад хамрагдсан байдал хангатгүй байгаа зэрэгт үндэслэн тус нийгэмлэг энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсруулан, НЭМҮТ-тнй хамтран зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь  Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдан хэрэгжиж эхлэх үед зохион байгуулагдаж байгаагаараа цаг үеэ олсон чухал сургалт болсныг багш нар, оролцогчид онцлон тэмдэглэсэн бөгөөд  сургалтын эцэст оролцогчдоос авсан үнэлгээгээр сургалтын хэрэгцээ, агуулга, арга зүй, багш нарын чадавхийг “маш сайн” гэж үнэлсэн нь энэ төрлийн сургалт маш их хэрэгцээтэй байгааг харуулллаа.

                                                  МНЭММН