Монголын ард түмэн эрт дээр үеэс эхэлж цаг уурын эрс тэс уур амьсгалд зохицохын тулд илчлэг өндөртэй мах махан бүтээгдэхүүнийг хүнсний гол хэрэглээгээ болгож ирсэн. Харин сүүлийн жилүүдэд халдварт бус гэгдэх зүрх судасны өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс өсөх болсон нь мах махан бүтээгдэхүүнд агуулагдах амьтны гаралтай өөх тос болон давсны агууламжаас шууд хамааралтай болохыг олон улсын байгууллагууд тогтоогоод байгаа аж.
Тэр ч утгаараа хөгжингүй орнуудын үндэсний үйлдвэрлэгчид өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах амьтны гаралтай өөх тос болон давсны илүүдэл хэмжээг бууруулахад ихээхэн ач холбогдол өгч эхэлсэн байна. Энэ талаар Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Монголын Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Хүн амын дундах халдварт бус өвчний тархалтыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгч компаниудын оролцоо” сэдэвт үндэсний мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр голчлон хөндсөн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу насанд хүрсэн хүн хоногт таван граммаас бага буюу нэг цайны халбага хүрэхгүй давс хэрэглэхэд л бие махбодод хангалттай гэнэ. Гэвч насанд хүрсэн монгол хүн хоногт дунджаар 7.3 грамм давс хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан нь зүрх судасны өвчлөлийн улмаас нас барагчдын тоо улсын хэмжээнд толгой цохисоор байгаагийн гол шалтгаан болж байна. Түүнчлэн давс нь манай улсад элбэгших хандлагатай байгаа ходоодны хавдар, цус харвалт, зүрхний хэмнэл алдагдах, астма, бөөр чулуужих, яс хэврэгших зэрэг өвчнийг үүсгэгч гол хүчин зүйл болсоор байгаа аж.
Хувь хүн давсны хэрэглээнийхээ тодорхой хувийг гэрийн нөхцөлд хянаад байх боломжтой ч нийт давсны хэрэглээнийхээ 75 хувийг далд хэлбэрээр буюу дэлгүүр, нийтийн хоолны газраас худалдан авдаг нь хяналт тавихад хүндрэл учруулдаг байна. Хэдийгээр хөгжингүй орнуудад хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг тухайн бүтээгдэхүүний шошгоны тусламжтай эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх өөх тос, давс, сахар гэх мэт бодисоос зайлсхийх боломж байдаг ч манай улсын хувьд байдал өөр. Учир нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт мэдлэгтэй боловсон хүчин дутагдалтайн улмаас хүнсний бүтээгдэхүүний шошгожуулалтад тавигддаг шаардлага төдийлөн мөрдөгдөхгүй байна. Түүнчлэн иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс зохих, стандарт шаардлагуудыг мөрдүүлэх чиг үүрэг бүхий холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа муу байгааг харуулж буй юм. Үүнээс болж хэрэглэгчид сонгосон бүтээгдэхүүнийхээ найрлагын талаар үнэн бодит мэдээллээр хангагдах эрх нь зөрчигдсөөр байгаа нь монголчууд бидний эрүүл мэндэд чимээгүй тахал тараасаар байна. Тиймээс дээрх уулзалтыг үндэсний үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулсан бөгөөд үүгээр дамжуулан өргөн хэрэглээний бүтээгдэхүүний давсны хэрэглээг таван жилийн турш 40 хувиар бууруулах санаачлагыг дэвшүүлээд зогсохгүй хүнсний бүтээгдэхүүний шошгонд тавигддаг стандартуудыг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай гэдгийг таниулах арга хэмжээг өрнүүлсэн юм. Хэрэв хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах илүүдэл давс болон амьтны гаралтай өөх тосны хэмжээг бууруулах санаачлагыг хэрэгжүүлж чадвал цус харвалтыг 24, зүрх судасны өвчлөлийг 18 хувиар тус тус бууруулж чадах болно. Энэ бол зөвхөн дээрх уулзалтад оролцсон компаниудтай холбоотой асуудал бус Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний хүнс үйлдвэрлэгчдэд бүгдэд хамаатайг санууштай.