OPEN MEDICAL INSTITUTE тэтгэлэгт хөтөлбөр нь манай орны эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөтөлбөрүүдийн нэг юм.

Хөтөлбөрийн эрхэм зорилго нь i) шилжилтийн үедээ байгаа улс орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих ii) эмч нарыг сургалтанд хамруулснаар чадваржсан эмч нарын тоог нэмэгдүүлэх iii) төгсөлтийн дараах эрүүл мэндийн боловсрол, сургалтыг шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангаж явуулах iv) эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хүчирхэгжүүлэх юм.

Хөтөлбөр нь мэдлэг олгох семинар, туршлага солилцох клиникийн болон судалгааны дадлага, чадавхыг бэхжүүлэх зайны сургалтууд, нэр хүндтэй профессоруудыг эх орондоо урьж сургалт зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдсан эмч нарыг манлайлагч болоход бэлтгэх зэргээр цогц хөтөлбөрөөр дамжуулан эмч нарыг чадваржуулж, ингэснээр үйлчлүүлэгчдэд хамгийн боломжит тусламж үйлчилгээг хүргэхэд дэмж зорилготой.

Хөтөлбөрийн эхний үе шат болох Мэдлэг олгох семинар нь Австрийн Залцбург хотноо зохиогддог бөгөөд  сургалт семинараар эмчилгээ, оношилгооны хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээллийг өгөхөөс гадна олон улсын эмч нарын хооронд туршлага солилцох таатай боломж олгодгоороо онцлог юм. Семинарын түншлэгчдэд дэлхийд нэр хүндтэй  Велл Корнеллийн их сургууль, түүний харьяа эмнэлгүүд, Филаделфийн Хүүхдйн эмнэлэг, Дьюкийн их сургуулийн анагаах ухааны төв, Колумбын их сургууль, Клевлэндийн эмнэл зүйн сан, Олон улсын байгууллагууд (ДЭМБ, Өвчний хяналт урьдчилан сэргийлэлтийн төв, Бөөр судлалын Европын холбоо) Австри Европын зөвлөхүүд хамтран ажилладаг тул дэлхийд өндөр чанартай сургалтанд тооцогддог.

Хөтөлбөрийн 2-р үе шат бол туршлага солилцох хэсэгт клиникийн болон судалгааны дадлага багтдаг. Хөтөлбөрийн эхний үе шатны мэдлэг олгох семинарт хамрагдсан бүх эмч нар Америк, Австрийн харьяа эмнэлгүүдэд дадлага хийх эрхтэй болдог. Клиникийн дадлагад хамрагдсанаар эмчийн клиникийн ур чадварыг нэмэгдүүлэх, орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи, оношилгоо эмчилгээний удирдамж, эмнэлгийн менежментээс суралцахаас гадна багш нартайгаа тогтвортой харилцаатай байж, цаашид Америк Австри хамтрагчид, холбогдох эмнэлгүүдтэй судалгааны чиглэлээр ажиллах боломж бүрддэг.

Хөтөлбөрийн 3 дахь үе шат буюу хүчин чадал бэхжүүлэх үйл ажиллагаанд семинар төгсөгч эмчийн санаачилгаар мэргэжлийн нийгэмлэгтэйгээ хамтран профессоруудыг эх орондоо урьж авчран мэргэжил нэгт эмч нартаа 2 өдрийн сургалт зохион байгуулдаг.

Манай орны хувьд жил бүр 25-35 эмч тус хөтөлбөрт хамрагдаж, 2019 оны байдлаар нийт 558 эмч семинарт хамрагдаж, 61 эмч Австрийн эмнэлгүүдэд клиникийн нэг сарын дадлагад хамрагдсан төдийгүй Америк, Австрийн хүндэт профессоруудыг 3 удаа эх орондоо урьж мэргэжлийн сургалт зохион байгуулсан юм.

2020 онд зохиогдох ээлжит семинаруудын чиглэл

Жил бүр 35-45 семинар зарлагддаг ба энэ жилийн хувьд одоогийн байдлаар 39 чиглэлээр зарлагдсан. Семинарын чиглэл, огноо, өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг www.aaf-online.org хаягаар орж үзэх боломжтой.

 Эмч, мэргэжилтнүүдэд тавигдах шаардлага

  • 45 хүртэлх насны Монгол улсын иргэн байх
  • Семинарын сэдвийн дагуу мэргэшсэн, диплом, лицензтэй байх
  • Одоо уг мэргэжлээрээ ажиллаж байгаа, мэргэжлийн сургалттай үйл ажиллагаа нь холбоотой байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх

Семинарын тэтгэлэг

  • Сургалтын төлбөр
  • Залцбургт байх буудал, хоолны зардал
  • Замын зардлын ихэнх хувь (650 евро)
  • Семинарт оролцсоноор Австри улсад 3 сар хүртэлх хугацаагаар дадлага хийх эрх нээгдэх

Оролцогчоос гарах зардал

  • Шенгений визний төлбөр
  • Аян замын даатгал
  • Замын зардлын зөрүү

Семинарт бүртгүүлэх

Дээрх шаардлагыг хангасан эмч нар өөрсдийн чиглэлийн семинарт хамрагдахын тулд өргөдлийн маягтыг www.aaf-online.org /www.aaf-online.org-MEDICINE-OMI Seminar-Dates & Topics 2020-Apply/ веб хуудас руу орж бүртгүүлэн, интернетээр бөглөнө.

 Англи хэлний шалгалт

Семинарт бүртгүүлсэн эмч тухайн семинарынхаа өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор англи хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой. Тус шалгалтыг мэргэжлийн байгууллагатай хамтарч өдөр, цагаа товлосны дагуу өргөдөл гаргасан эмч нарт цахим хаягаар мэдээлнэ. Хэрэв IELTS and TOEFL-ийн оноотой (хугацаа нь хүчинтэй) бол англи хэлний шалгалт өгөх шаардлагагүй бөгөөд үүнийхээ баталгаагаа шалгалт зохион байгуулахаас өмнө ирүүлсэн байна. Харин та англи хэлний IELTS and TOEFL-ийн оноогүй бол англи хэлний шалгалтыг заавал өгөх ёстой. Шалгалт өгөөгүй тохиолдолд тухайн семинарт тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй гэсэн үүднээс сонгогдохгүй болохыг анхаарна уу. (Англи хэлний шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэх, баллуур, харандаа авчирна)

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Америк Австрийн сангийн www.aaf-online.org хаягаар орж, танилцах боломжтой. Асууж тодруулах зүйл байвал байгууллагын 325190, эсвэл Б.Энхтуяагийн 99123435 дугаарын утас, mongolia@mphpa.com хаягаар холбогдох боломжтой.

Хөтөлбөрийн талаарх видео танилцуулга: